ХААН Банк Сан Зориг Сангийн “Залуу Манлайлал Хөтөлбөр” –ийг дэмжин ажиллаж байна
Залуучуудын дунд ихээхэн танил нэр хүндтэй болоод байгаа Зориг сангийн Залуу Манлайлал Хөтөлбөр 8 дахь жилийн элсэлтээ авч эхэлжээ. Энэхүү хөтөлбөрт жил бүр 22-25 насны 20 гаруй залуусыг шалгаруулан харилцаа, сэтгэн бодох болон дүн шинжилгээ хийх, төсөл боловсруулах, хэрэгжүүлэх, багаар ажиллах чадвараа дээшлүүлэх зэрэг манлайлан удирдах ур чадварыг хөгжүүлэх найман сарын хөтөлбөрт хамруулдаг юм. 2003 оноос нийт 140 гаруй шилдэг залуус уг хөтөлбөрийг амжилттай дүүргэн нийгмийн олон салбарт үр бүтээлтэй ажиллаж байна. Монголын ирээдүйн удирдагчдыг бэлтгэхэд хувь нэмэр оруулсаар ирсэн тус хөтөлбөрийг 2010-2011 оны хичээлийн жилд ХААН Банк Сан 4 дэхь жилдээ санхүүжүүлэхээр болж, талууд санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурлаа.
“Залуу манлайлал хөтөлбөр”-т оролцогч залуус нь нийгэм, улс төр, эдийн засаг, бизнес, соёл урлаг, хүрээлэн буй орчин, хүмүүнлэг, нийгмийн харилцаа болон хөгжилтэй холбоотой олон талт асуудлуудтай бодит байдал дээр биечлэн танилцаж, дээрх сэдэв болон салбаруудын үндэсний манлайлагчид, гадаадын экспертүүдээс суралцаж менежмент, манлайлах ур чадварыг нэмэгдүүлэх, ажил мэргэжлээрээ хурдан өсч хөгжих боломж олж авдаг. Мөн тус хөтөлбөрийн онцлох нэгэн хэсэг нь хөтөлбөрийн явцад оролцогчид өөрсдийн хүчээр нийгмийн хөгжлийн төсөл боловсруулан хэрэгжүүлдэг. Оролцогчид багуудад хуваагдан ажиллаж, амьдарч байгаа орчин, хэсэг, бүлгийн үйл ажиллагааг дэмжихүйц төсөл боловсруулан, төлөвлөж хэрэгжүүлдэг. Улмаар хамгийн шилдэг төслийг шалгаруулдаг юм байна. Залуус хөтөлбөрийн төгсгөлд хэрэгжүүлсэн төслөө тайлагнан хамгаалж үр дүнгээ гаргадаг юм.
Залуу Манлайлал Хөтөлбөр нь 2012-2013 оны хичээлийн жилийн өргөдлийн маягтыг Зориг Сан дээр энэ оны 08-н сарын дундуур хүлээж авах бөгөөд энэ жилийн хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй 22-25 насны залуусыг хүлээн авах юм байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг Зориг Сангийн 315444 дугаарын утас болон www.ylp.mn хаягаар авч болох юм байна.